Цэцэрлэг

Тус суманд хүүхдийн цэцэрлэг одоогийн дунд сургуулийн хашаанд сумын Алдар нэгдлийн харьяанд 1961 онд 1 гэртэй 25 хүүхэдтэй ,нэг багш,нэг асрагч тогоочтойгоор анх байгуулагджээ. Цэцэрлэгийн анхны эрхлэгчээр Т.Сүрэн, асрагч Дэнсмаа, тогооч Сайнжаргал нарын хүмүүс ажиллан тус цэцэрлэгийн анхдагчид болж түүхийн хуудаснаа мөнхрөн үлджээ. Боловсон хүчин дутмаг ч гэсэн нэгдлийн захиргааны ивээл доор гэрт сургалт хүмүүжлийн ажил хийж байгаад сургуулийн урд талын намхан цагаан байшинд шилжин суурьшиж зундаа багш ажилчид шавардаж шохойдон өнгө төрхийг нь сайжруулдаг байлаа.
1974-1990 он . Цэцэрлэгийн өрнүүн хөгжил
Хөгжлийнхээ үе шатуудад өргөжин тэлж 1974 онд Цэдэнбал Филатовагийн санаачлага Хүүхдийн төлөө төвийн фондын хөрөнгөөр 50 хүүхдийн хүчин чадалтай 135000 төгрөгийн төсөвт өртөгтэй 765401 мянган төгрөгийн үндсэн хөрөнгөтэй ясли цэцэрлэгийн комбинат болон өргөжин байгуулагджээ. Анхны дурсгалын түлхүүрийг эрхлэгч Д.Журнай, асрагч Л.Даваа ,Ц.Цэвээн, тогооч Аръяа,угаагч Бишбал, нярав Сүнэрэв, слесарь Нацаг, машинист Н.Сайнжаргал нар гардаж авсан түүхтэй. Байгуулагдсан цагаасаа эхлэн тасралтгүй сургуулийн өмнөх насны хүүхдийг сургах хүмүүжүүлэх ажлыг багш эцэг эх ,хамт олныхоо хүчээр явуулж сумандаа үйлчилгээний тэргүүний байгууллага, соёлч байгууллагаар удаа дараа шалгарсан байна.Тус цэцэрлэгийн өнөөг хүртэлх 53 жилийн хугацаанд 8 эрхлэгч 14 багш, 6 туслах багш, 26 ажилчин ажиллаж ард түмнийхээ үр хүүхдийг сурган хүмүүжүүлэх үйлсэд хүчин зүтгэж сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үүргээ нэр төртэй явуулж ирсэн үе үеийн хамт олон юм.
Манай цэцэрлэгийн эрчимтэй хөгжлийн үе 1974 оноос эхэлсэн гэдэг. Учир нь цэцэрлэгийн ирээдүйн хөгжилд нөлөө үзүүлсэн үйл явдал нь Хүүхдийн төлөө төв фондын хөрөнгөөр баригдсан зориулалтын байртай болж аж ахуй, гадна орчин хүүхдийн тоглоомын талбайтай мэргэжлийн багш нартай хүүхдийг жинхэнэ ёсоор сурган хүмүүжүүлж хөгжүүлэх нөхцөл боломжоор хангагдсан явдал байлаа.
1990 оноос эдүгээ хүртэл
1990 оны ардчилсан шинэчлэлийн өөрчлөлт нь хүмүүсийн амьдрал нийгэмд ч гэсэн нөлөөлж хүүхдийн тоо багасаж бүтэц бүрэлдхүүн цомхтголд орж багагүй бэрхшээлтэй тулгарсан ч байгууллагынхаа үндсэн бүтэц үйл ажиллагааг хадгалан авч үлдсэн сумын төсвийн цөөхөн байгууллагуудын нэг. . Зах зээлийн энэ хүнд үеийг даван туулахад эрхлэгч Д.Журнай , багш Ц.Давааноров эрхлэгч Х.Цэндсүрэн, нарын багш удирдлагуудын идэвхи санаачлага сэтгэл ихээхэн үүрэг гүйцэтгэснийг мартах учиргүй. Цэцэрлэг нь Боловсролын мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэх орчны стандартыг хангаж ажиллах талаар нэлээд олон ажлуудыг зохион байгуулж байна. Цэцэрлэг хөгжүүлэх хөтөлбөрийг 2008-2012 он хүртэл боловсруулж бодит байдалдаа үнэлгээ дүгнэлт гарган жил бүрийн төсөв хандив дэмжлэгт тулгуурлан хөгжиж байна. Малчдын хүүхдийг сургалтанд хамруулах зорилгоор ард иргэдийн хандив дэмжлэг багш ажилчдын санаачилгаар гэр цэцэрлэгийг ёслол төгөлдөр хийж сургалтанд ашиглаж 2010 онд НҮБ –ийн Хүүхдийн сангийн тусламжтайгаар 8022,0 төгрөгийн зуны гэр цэцэрлэгтэй болсон.
Одоо тус цэцэрлэг 3 бүлэгт 100 гаруй хүүхэд , хувилбарт сургалтаар 65 хүүхэд буюу сумын нийт хүүхдийн 82% -ийг СӨБ-д хамруулан 13 багш ажиллагсадтай үйл ажиллагаа явуулж байна. Мэргэжилтэй боловсон хүчнээр 100% хангагдсан ба нийт ажилчдын 60% нь дээд боловсролтой багш ажилчид байна.
Үе үеийн эрхлэгч нар : Ж.Сүрэн 1961-1964, Д.Тогтуур 1964-1968 он, Г.Бумаа 1968-1973 Р.Юүзэн 1973-1974, Д.Журнай 1974-1993, Ц.Давааноров 1993-1995, Х.Цэндсүрэн 1996 оноос одоо хүртэл
Бүлгийн багшаар Ц.Давааноров АБТ, М.Энхтуяа, П.Гэрэлмаа нараас гадна туслах багш Г.Нарантуяа, Ю.Нэргүй, Р.Долгормаа, тогооч Г.Оюунцэцэг, нярав Б.Пагмадулам, галч М.Пүрэвжав, О.Гансүх, М.Буяндалай, Н.Батсүх нарын багш ажилчид ажиллаж байна.
Амжилт бүтээлийн товчоон
- 2006 онд Сумын соёлч байгууллага
- 2008 онд Сумын эрүүл мэндийг дэмжигч байгууллага
- 2009 онд Улаан загайлмайн гишүүн байгууллага
- 2010 онд Сумын тэргүүний үйлчилгээний байгууллага
- 2011 онд Цэцэрлэгийн 50 жилийн ой хийсэн
- 2012 онд Аймгийн ЭрҮүл мэндийг дэмжигч байгууллагын 3-р зэрэг
- 2013 онд Аймгийн ЭрҮүл мэндийг дэмжигч байгууллагын 2-р зэрэг
- 2013 онд Сумын төрийн үйлчилгээний тэргүүний байгууллагаар тус тус шалгарсан амжилт бүтээлтэй хамт олон юм.